МАН МАХН-тай нэгдсэн талаар өчигдөр намын удирдлагууд нь мэдэгдсэн. Урьд нь дээрх хоёр нам нэгдэнэ хэмээн мэдэгдэж байсан боловч ойлголцолд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ. Учир нь МАХН МАН-тай нэгдвэл нэлээдгүй сайдын суудал болон өөр албан тушаал нэхсэнээс болсон хэмээн бичигдэж байв. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэгдэх болсон шалтгаанаа хэлэхдээ “Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намуудын хувьд улс төрийн саналын зөрүү нь арилж хамтдаа зүтгэх боломж гарлаа. Энэ цаг үед нийлж нэгдэх нь зүйн хэрэг юм. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд дараалан барих эрхийг авсан. Энэ эрхийг бид бусад намуудтайгаа нэгдэж нийлж улс орныхоо төлөө ажиллах шаардлага тулгараад байна” гэсэн юм.
Харин МАХН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээ “Хоёр намыг нэгдэхэд гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол МАН, МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид байна. Нэг зүгт харж явах нь бидний ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой” гэдгийг тэрбээр тодотгосон.
Гэвч МАХН-ын дарга хачир улс төрч Н.Энхбаярыг ямар нэг ашиггүй зүйл хийхгүй хэмээн хүмүүс жиг жуг хийцгээж байна. Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга нар ямар тохиролцоонд хүрч юу амласныг цаг хугацаа харуулах буй за.
Ийн МАХН МАН-тай нэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэг хүнийг дэвшүүлнэ. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан байдаг.