Нарлаг Улаанбаатар Ротари клубээс санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх “REDrone” (Red drone) төсөл хэрэгжүүлжээ. Цус тээвэрлэх анхны нислэг өнөөдөр болно.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт замын түгжрэл эрс нэмэгдэж, яаралтай үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэхэд хүндрэл үүсдэг. Мөн газар хөдлөлт, гамшиг осол, коронавируст цар тахал зэрэг нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын үед эмнэлгүүдэд шаардлагатай бүтээгдэхүүнийг захиалга өгсөн эмнэлэгт богино хугацаанд хүргэж, олон хүний амь нас аврах шаардлага тулгардаг.
Иймд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах нь дээрх хүндрэлүүдийг давах, цус, цусан бүтээгдэхүүний захиалгын дагуу тээвэрлэх зардал, хугацааг хэмнэх, хүний нөөц, ажлын ачааллыг багасгах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэх ач холбогдолтой юм.
Уг төслийг Тамир Ротари клуб, Улаанбаатар Ротари клуб, JCI Capital байгууллагуудын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) “Карбон Композитс” компанийн монгол инженерүүд ур ухаанаа шингээж, мэргэжлийн өндөр түвшинд хийжээ.
Уг төхөөрөмжид суурилан цаашид эрүүл мэндийн байгууллагууд сорьц тээвэрлэх, бусад салбарт ч загвар болох боломжтой хэмээн төсөл санаачлагч нар үзэж байна.
Эх сурвалж: ЦССҮТ