УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий орлогч Я.Сарансүх танилцуулахдаа тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 оны төсвийн төсөл дараах байдалтай байгааг танилцуулав.
Улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байна. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч УИХ-д гурван асуудлыг толилуулж, Засгийн газарт 6 зөвлөмж өгчээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэж аудитын байгууллагаас үзжээ.
Харин төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахад чиглэсэн салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг санхүүжүүлэх хэрэгцээг үнэлж, төсвийн төлөвлөлтийг дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулахгүй байгааг аудитын дүгнэлтэд тусгасан байна.
Мөн аудитын байгууллагын дүгнэлтэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг дуусгах чиглэлийг баримталсан нь хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих эхлэлийг тавьсан арга хэмжээ болсон байна. Гэвч улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд дуусаагүй орхигдсон, үнийн өсөлт тооцуулж 2023 оны төсвийн төсөлд тусгаагүй, 2022 онд хэрэгжиж дуусах хугацаатай ч ажлын гүйцэтгэл нь бүрэн хангагдаагүй арга хэмжээ дараа жилүүдэд үргэлжлэхээр байна.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын 2021- 2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т 2023 онд улсын төсвөөр хэрэгжүүлэх нийт 20 төсөл, хөтөлбөрт 754.5 тэрбум төгрөг төсөвлөхөөс 12 төсөл, хөтөлбөрийн 356.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн төсөлд тусгаагүй байна. Иймд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд төсөл, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан дээрх хөтөлбөрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Улсын төсвийн санхүүжилтээр бэлтгэсэн зураг, төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүйгээс хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул нэгдсэн хяналтыг бий болгох шаардлагатай байгаа талаар тусгасныг Монгол Улсын ерөнхий орлогч Я.Сарансүх дурдлаа.
Иймд дээрх дүгнэлтийн дагуу Монгол Улсын Засгийн газарт Төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахад чиглэсэн салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг санхүүжүүлэх хэрэгцээг үнэлж, төсвийн төлөвлөлт, хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүнг дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт уялдуулах, төсвийн хөрөнгөөр боловсруулсан барилга, байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийн мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, төсвийн төлөвлөлтөд ил тод, нээлттэй ашиглах боломж бүрдүүлэх талаар зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Монгол Улсын 2022 оны төсвийн төсөл болон, түүнд хийсэн аудитын дүгнэлт, танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Ц.Идэрбат, Ц.Туваан, Н.Ганибал, Г.Ганболд, Б.Саранчимэг нар хууль санаачлагчаас болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын тодруулсан хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулах төсвийн талаарх асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нийт 228.2 тэрбум төгрөгийг ирэх оны төсвийн төсөлд тусгасан. Үүнээс хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд 175 сая төгрөг, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд 4 тэрбум төгрөг, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 41.7 тэрбум төгрөг, газар тариалангийн салбарт 39.9 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооллыг хөгжүүлэхэд 2 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төсөвлөсөн. Мөн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 67.1 тэрбум төгрөг, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд 17.5 тэрбум төгрөг, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд 53.4 тэрбум төгрөг, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд 110 сая төгрөг зэргээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн хөнгөлөлтөд нийт 138.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд туссан” хэмээн хариулав.
Гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Төсвийн байнгын хороонд танилцуулна.