Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2019.11.20/ хуралдаан 11.35 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Я.Содбаатар даргалан явуулав.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байгаа аж. 2018 онд 21 аймагт хийсэн хоршоодын хөгжлийн үнэлгээнд орон нутгийн нийт 3020 хоршоо хамрагдсанаас 239 нь тогтвортой өсөлттэй, 580 нь  үйл ажиллагаа нь тогтвортой хөгжиж байгаа, 877 нь идэвхжиж буй, 1324 нь үйл ажиллагаа нь зогсонги байна гэсэн дүгнэлт гарчээ. Үнэлгээнд хамрагдаагүй 673 хоршоо бүртгэлтэй боловч оршин тогтнодог эсэх, хоршооны зарчмаар ажилладаг эсэх нь тодорхойгүй буй аж.

Тогтвортой ажиллаж буй хоршоодын 9 орчим хувь нь хадгаламж зээлийн чиглэлээр, зургаа нь дундын хоршоо бөгөөд дийлэнх нь гэр бүлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй нь тодорхой болсон байна. Түүнчлэн хоршоог гишүүдийн нийгэм, соёлын хэрэгцээг хангах зорилгоор хоршиж хөдөлмөрлөх биш “хоршоо” гэдэг нэрийг ашиглаж, нэг хүний эрх ашгийн төлөө байгуулах явдал их гаруй байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулгадаа дурдсан.

Хоршооны удирдлагын менежмент муу, гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлага тодорхойгүй, банкнаас зээл авах барьцаа хөрөнгөгүй байх, хоршооны гишүүдийн ажлын үнэлэмж, урамшуулал тогтворжоогүй, бизнесийн төлөвлөлт байхгүйгээс хоршоо бусад бизнесийн хэлбэртэй харьцуулахад өрсөлдөх чадавхи сул, гишүүдийн амьдралд бодит өсөлт, дэвшил гарч хуримтлал үүсэх, шинэ технологи, ноу хау нэвтрүүлэх зэргээр бие даан хөгжиж чадахгүй байгааг тэрбээр онцолж байлаа. Тухайлбал, судалгаанд хамрагдсан хоршоодын 8.7 хувь нь огт орлого олоогүй, 54 хувь нь 1 сая төгрөг болон түүнээс бага орлого олсон, 23 орчим хувь нь нэгэн хэвийн өсдөггүй орлоготой, 20 хувь нь орлого буурсан, 39 хувь нь орлого бага зэрэг өссөн гэсэн дүн гарчээ.

Ийм учраас хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих, хуульд заасан зорилго, зарчимд нийцсэн хоршоог байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа дурдсан.

Одоогийн мөрдөгдөж буй хууль хэт ерөнхий, хоршооны талаарх төрийн байгууллагууд болон хоршооны дээвэр байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийг тодорхойлоогүй, хөгжлөө даган өөрчлөгдөж буй нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй байгаа нь Хоршооны тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа юуны өмнө одоо байгаа хоршоодод бүтэц, зохион байгуулалт, удирдлага менежментийг боловсронгуй болгох, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэх шаардлага тавьж, хоршоо гишүүдийнхээ нийгмийн асуудлыг цогцоор шийдвэрлэж чадахуйц санхүү, төлбөрийн чадвартай болох боломжийг нь бүрдүүлэх чиглэлийн эрх зүйн зохицуулалтуудыг бий болгоход түлхүү анхаарсан хэмээн УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, хоршоог иргэд сайн дурын санаачилга дээрээ үндэслэн байгуулдаг. Гэтэл ноосны урамшуулал авахын тулд малчдыг хоршоонд нэгтгэх кампаничилсан ажил хийгдсэн. Хууль батлагдсанаар иргэдийг кампаничлан шахаж хоршоонд элсүүлдэг явдал арилах уу хэмээн лавласан. Тэрбээр хоршоотой холбоотой асуудал ганц хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд байх нь тийм ч оновчтой шийдэл биш гээд энэ асуудлыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай холбох, хөдөлмөрийн харилцааны бодлоготой уялдуулах зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хоршоогоор дамжуулан хөдөө дэх ядуурлыг бууруулах учиртайг онцлоод хоршоог хөгжүүлэхийн тулд мэргэжлийн менежерүүд бэлтгэх зайлшгүй шаардлага бий хэмээсэн.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Элдэв-Очир нар Хоршооны тухайл хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хоршооны эрх, үүрэг, зорилго тодорхой болж, иргэдийг кампаничлан элсүүлдэг болоод бусад зөрчил засагдана хэмээн хариулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан уншиж танилцуулав. Ажлын хэсэг хоёр удаа хуралдан, “ИХ-ын гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн дөрвөн саналыг томьёоллыг боловсруулсан гэлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд ипотекийн зээлийн санхүүжилт, төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдаа холбоо, “Саарал жагсаалт”-аас гарах ажлын төлөвлөгөө, инфляцийн түвшин, валютын нөөц, зээлийн хүүг бууруулах асуудал, гадаад өр, 2019 оны мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар тодруулан хариулт авсан юм.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй дараах саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах арга хэмжээ авахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан байдлаар өөрчлөн найруулах, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөдлөх эд хөрөнгө барьцаалсан санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор тогтоолын төслийн 2.4-т “нийлүүлэлтийн сүлжээнд тулгуурласан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх” гэж нэмэх саналууд дэмжигдсэн. Мөн тогтоолын төслийн хавсралтын 2.1-т “банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлнэ” гэж тусгасныг “үргэлжлүүлнэ” гэж өөрчлөх, тогтоолын төслийн хавсралтын 2.2 дахь заалтыг “Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх арга хэмжээ авна” гэж илүү тодорхой болгож өөрчлөн найруулах саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар тогтоолын төслийн 2 дахь заалтад “зээлийн хүүг бууруулах үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэсэн, УИХ-ын гишүүн З.Нарантуяа “санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалт, хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох хэрэгцээ, шаардлагыг судалж, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх санал боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн дэд заалт тус тус шинээр нэмэх санал гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг зөвшилцлөө

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол,  Оросын  хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлтэй холбоотой төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай Улсын Их Хурлын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлсэн асуудлыг хэлэлцэв.

Засгийн газрын зөвшилцөх саналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь Монгол Улсын ачаа эргэлтийн 69.4 хувь, зорчигч эргэлтийн 21.7 хувийг дангаар гүйцэтгэж, тус нийгэмлэг 15.8 мянган хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд тээвэрлэлт, туслах үйлдвэрлэл болон нийгмийн чанартай чиглэлүүдийн 58 аж ахуйн нэгжүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Улаанбаатар төмөр замд 15800 гаруй хүн ажилладаг бөгөөд эдний 9800 орчим нь төмөр замын хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг. Үлдэж буй 6000 гаруй хүнийг Улаанбаатар төмөр зам ажлын байраар хангаж, цалин хөлс олгож, нийгмийн ачааллыг нуруун дээрээ үүрч явдаг.

Сүхбаатараас Замын-Үүд чиглэлийн Улаанбаатар төмөр замын суурь бүтэц 25 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцоологдсон ч 2018 оны гүйцэтгэлээр 25.8 сая тн ачаа тээвэрлээд байгаа нь өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэгцээг хангаж чадахааргүй болсон байна гэлээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дээрх хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь тасралтгүй хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийн хэмжээ буюу 128.8 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлын түвшинд шийдвэрлүүлэхээр танилцуулж байна гэлээ.

Дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааг дэмжих нь зүйтэй юм. Тус байгуулагын 400-гаад км төмөр замын засвар арчилалтын томоохон ажлууд хүлээгдэж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өрийг үлдэгдлийг цэвэрлэж цаашид өөрөө өөрийг санхүүжүүлээд явах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг асуудлыг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ

Дараа нь Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн Монголын талын төлөөллийн чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд даалгахаар тусгасан байна.   

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр  явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тогтоолын төслийн 1-р зүйлийн 1 дэх заалтаас “… олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах” гэснийг хасах, УИХ-ын гишүүн Б.Жавхлан тогтоолын төслийн 1-р зүйлийн 2 дахь заалтын “Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах” гэснийг “Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах” гэсэн найруулгын шинжтэй саналууд гаргасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.