Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 50 гаруй хувиар буурсан

Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үйлдлийг цаашид гэмт хэрэгт тооцдог байхаар хуульчилсан.

Тэгвэл хууль хэрэгжиж эхэлснээс хойших үр дүнгийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нийгмийн сүлжээндээ “Өнөөдөр 2024 оны 2-р сарын 13 буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг, зөрчлийн ял шийтгэлийн бодлогыг чангалсан шинэ Эрүүгийн болон Зөрчлийн хууль шинэ оны 1 сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд 43 хонож байна. Энэ төрлийн зөрчил 53-57 хувь буурсан. Он гарснаас хойш тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн хуулиар торгуулж, жолоодох эрхээ хасуулсан хүмүүсээс энэ 43 хоногийн хугацаанд давтан уг зөрчлийг гаргаж Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн хэрэг “0” буюу гараагүй байна. Шинэ Эрүүгийн хуулиар эрхээ хасуулсан этгээд давтан уг үйлдлийг гаргавал гэмт хэрэгт тооцож Эрүүгийн ял шийтгэгдэх болж чангарсан юм” хэмээн бичжээ.