Гүүд нэйборс ТББ нь Монголын 8000 орчим хүүхдүүдийг ашиглан мөнгө угааж байна. Мөн тус төвд бүртгэлтэй хүүхдүүдийн эцэг, эх, ах, эгч, дүү нарын нууц хувийн мэдээллийг нь хүртэл бүртгэн авдаг гэх мэдээллийн мөрөөр иргэн Б.Норовсүрэнтэй ярилцлаа.
-Хоёулаа өөрийгөө танилцуулахаас яриагаа эхэлье. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагад яагаад хандах болов?
-Би өөрөө Анагаах ухааны их сургууль төгссөн эмч хүн. Сүүлд Удирдлагын акедеми төгссөн. Анх сургуулиа төгсөөд л төсөл, хөтөлбөр дээр ажиллаж эхэлсэн. Хамгийн анхны төсөл маань Оюу толгойн төсөл байсан. Энэ төслөөс ажлаа эхлээд түүнээс хойш олон төсөл хөтөлбөр дээр ажилласан. 2005 онд надтай хамт ажиллаж байсан захирал нийгмийн халамжийн төсөл хэрэгжүүлэх санал тавьсан. Тэгээд би судалгаагаа хийгээд 2005 оны 11 сард цэцэрлэгийн төсөл бичиж БНСУ-руу явуулсан нь дэмжигдсэн. Надад санал тавьсан захирал БНСУ-аас бидний төсөл дэмжигдэж намайг захирлаар ажиллуулах мандат өглөө одоо ажилдаа оръё гэсэн. Гэхдээ цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах байрныхаа асуудлыг бид нарыг өөрсдөө шийд БСНУ-ын Гүүд нэйборсоос үйл ажиллагааны зардлыг нь гаргая гэсэн. 2006 оны 5 сард Гүүд нэйборс компаний албан ёсны төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг би ГИХГ-аас авсан. Зөвшөөрлөө авчхаад Чингэлтэй дүүргийн 16-р хороонд байраа олж 2007 онд 50 хүүхэдтэйгээр анхны цэцэрлэгээ байгуулж байсан. Бараг анхны хувийн цэцэрлэг байсан байх шүү. Тэгээд явцын дунд улсын төсвөөс санхүүжилт авдаг болсон.
Энэ байгууллага МУ-ын 8000-9000 мянган хүүхдийг ашиглаж олон улсад мөнгө босгож угааж байна. Тухайн хүүхдүүдэд улиралдаа нэг хичээлийн хэрэглэл, витамин тараачхаад цаана нь асар их мөнгө эргэлдүүлж байна. Мөн 8000-9000 мянган хүүхэд болон тэдний ар гэрийн хувийн нууц, цаашлаад МУ-ын үндэсний аюулгүй байдал хөндөгдөнө гэж харж байна.
-Анх энэ Гүүд нэйборс байгууллагыг Монголд оруулж ирсэн хүний нэг байж яагаад энэ байгууллагын талаар янз бүрийн зүйл яриад байдаг юм. Оруулж ирэхдээ сайн судлаагүй юм уу?
-Анх бол Монголд хүүхдийн цэцэрлэг, сургууль хүртээмжгүй байсан болохоор цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар оруулж ирж байсан. Энэ байгууллага 5 жил бидэнд тусалъя тэрнээс хойш үйл ажиллагаагаа өөрсдөө үргэлжлүүлээд аваад яв гэсэн. Гэтэл явцын дунд үйл ажиллагааны чиглэл нь өөрчлөгдсөн. Энэ нь 1х1 хүүхэд төсөл. Энэ төсөл хэрэгжсэнээр хүүхдэд олгогдох санхүүжилт нэмэгдэнэ гэсэн учир бид эхлээд 300 гаруй хүүхдийн мэдээллийг явуулсан. Нэг хүүхэд нэг спорсортой. Тэр спорсор нь сард 35 доллар өгдөг гэх мэдээлэл ирдэг болсон. Гэтэл тэр мөнгөний маш бага хэмжээний мөнгөтэй тэнцэх хичээлийн хэрэгсэл зэргийг улиралдаа 1 удаа олгодог байсан. Тэгээд л үлдсэн мөнгө нь хайчсан тодорхой биш. Манай анхны захирал их шударга хүн байсан л даа. Энэ нэг хүүхдийн мөнгө бүрэн орж ирэхгүй байгаа талаар хэл ам хийгээд эхэлсэн чинь дараагийн хүнийг томилж ирүүлсэн. Тэр хүн надтай хамтарч ажиллах санал тавьсан. Би ч зөвшөөрсөн. Тэр үед миний толгойны эргээ хараахан гараагүй байсан л даа. Спонсоруудын мөнгө хаашаа ороод байгаа тодорхой мэдээлэлгүй байсан.
-Нэг хүүхдэд хэдэн төгрөг спонсор нь өгч байгаа нь ил байдаг юм уу. Та яаж 35 доллар өгдгийг мэдсэн юм бэ?
-Хүүхэд бүр кодтой. Тэр кодоор нь спонсорын мөнгө орж ирдэг. Сард 35 доллараас дээш доллар өгдөг байсан. Тэгэхээр зарим хүүхдийг сар бүр 50, 100 доллараар спонсорлодог хүмүүс хүртэл байсан. Тэгээд би мөнгөний ерөнхий зарцуулалтаа хийж байсан болохоор ингэж болохгүй гэдгийг нь хэлж эхэлсэн. Хэл ам хийгээд эхлэхээр намайг тушаал бууруулж цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон. Тэгсэн ч би хүүхэд бүрт спонсорынх нь мөнгийг бүрэн зарцуулах хэрэгтэй гэдэг байр сууриа хамгаалсаар байсан. Тэгж байгаад намайг ажлаас халах шийдвэрийг 2012 онд гаргасан. Би ч шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр миний талд гарсан. Гэтэл тухайн үеийн захирал надад чам шиг чадвартай, их юм мэддэг хүнтэй хамтарч ажиллахгүй гэж хэлсэн л дээ. Намайг ажилд буцааж авахгүй 1 жил 6 сар явлаа. Монгол Улсын шүүхийг ч бас үл хүндэтгэсэн гэж хэлж болно. Тиймээс би ШШГЕГ-т хандаж ажилгүй байх хугацааныхаа мөнгийг гаргуулж авсан.
-Олон улсын гэж яриад байгаа болохоос наадах чинь Солонгост төвтэй байгууллага шүү дээ. Монгол зэрэг жижиг хэдэн улсад төлөөлөгчийн газартай. Дээрээс нь НҮБ-д зөвлөх эрхтэй байгууллага гээд бүр Монголчуудын тархийг угаагаад байгаа юм. Ямарч байгууллага НҮБ-д зөвлөх эрх байхгүй.
-Та тэгээд Гүүд нэйборс гээд байгууллага хүүхдийн эрхийг зөрчөөд байна гэж Монгол Улсынхаа хүүхэд хамгааллын байгууллагад хандаж үзсэн үү?
-Үзэлгүй яахав. Монголын гэр бүл, хүүхэд хамгааллын газар, Монголын сургуулийн ажилтны нийгэмлэгт хүртэл хандаж байсан. Хармсалтай нь бүгд болохгүй буруу гэдэг байснаа миний ар хударгаар хамтраад ажиллаад л явдаг болсон. Тодруулбал төсөл авч мөнгө авдаг болж бүр хамгаалаад яваад байна.
Мөн 2012 оноос хойшхи үе үеийн төр засгийн тэргүүнүүдэд хүртэл хандаж байсан. Төр засгийн удирдлагуудаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ийм зүйл байж болохгүй арга хэмжээ ав гэж тухайн үеийн Хүүхдийн төлөө газрын даргад үүрэг болгосон. Харамсалтай нь тухайн үеийн Хүүхдийн төлөө газрын дарга нь энэ байгууллагыг цээжээрээ хамгаална гэсэн. Биднийг уулзахад Хуулийн хэлтэс, Гадаад харилцааны хэлтсийнхэн ч байсан.
Тэгэхээр нь монгол хүүхдүүдийг ашиглаж мөнгө хүүлээд байна шүү дээ гэхэд ямар журмаар мөнгө олох нь хамаагүй бид нар энэ байгууллагаас санхүүжилт авч Солонгос улс руу явж ажилчдаа юм үзүүлдэг гэсэн. Тэгээд хэлэх үг олдохгүй гарсан. Хуулийн хэлтсийнх нь манай дарга ингэж хэлж байгаа болохоор таньд тусалж чадахгүй болчихлоо гэсэн.
-Та дахиад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хандахгүй яасан юм бэ?
-Тэгж байтал Засгийн газар уначихсан. Тэгэхээр нь дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж нарт хандсан. Одоогийн төрийн удирдлагуудад ч хандсан.
-Хүний эрхийн комисст хандсан уу?
-Ер нь хандаагүй газар байхгүй. Хүний эрхийн комиссын дарга Бямбадорж гуай чи хаагуур яваад байсан юм бэ.Шууд над дээр ирэхгүй гэж хэлж байлаа. Гэтэл 2015 онд Бямбадорж гуай шинэ захиралтай нь хамтран ажиллах гэрээ байгуулаад зурагтаар гараад байсан.
-Одоо энэ байгууллагад бүртгэлтэй хичнээн хүүхэд байна вэ. Сүүлийн үеийн мэдээлэл байна уу?
-Сүүлд Дархан-Уул аймагт нэг салбар нээгдсэн байна лээ. Улаанбаатар хотын хэмжээнд 8000, Дархан-Уул аймагт 1000. Завхан аймагт бас салбар нээгдэх гэж байгаа сураг байна лээ. Хүүхдийн тоо нэмэгдэнэ гэдэг чинь тэр байгуулагад орох мөнгөний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Нэг хүүхдэд 450 доллар жилд орж ирдэг гээд 9000 мянган хүүхдээр тооцохоор 4 сая гаруй доллар шүү дээ. Энэ бага мөнгө биш.
Миний хүүхдийн зургийг сайт дээр тавиад энэ хүүхдийн аав, ээж нь архичин ядуу, энэ хүүхдэд идэх хоол алга гээд нэг хүн тэнд 500 доллар олоод байна.
Өөрөөр хэлбэл монгол хүүхдүүдээр гуйлга гуйлгаад өөрсдөө ашиг олоод байна. Энэ нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагаж байна шүү дээ.
-Та дээр дурьдсан хүүхдийн эрхээс гадна үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд очоод байна гэлээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
-Гүүд нэйборс гэдэг байгууллага хүүхдийг бүртгэж авахдаа өвөө, эмээ,эцэг, эхийн нас, юу хийдэг, өндөр нам, ямар нэг хууч өвчин бий эсэх гээд л, иддэг хоол хүнснээс нь эхлээд судлахаас гадна тухайн хүүхдийн толгойны тойрог, цээжний тойрог, нүдний өнгө, биеийн жин, өндөр, гутлын размер, цусны бүлэг зэргийг бүгдийг нь авдаг. Монгол Улс бараг ийм судалгаа байхгүй. Нэг хүүхдийн цаана олон гэр бүлийн нууцын асуудал яригдана шүү.
-Яах гэж гадагшаа хүүхэд үрчлүүлдэг юм биш биздээ?
-Одоохондоо тийм зүйл байхгүй. Нууцаар л тийм зүйл хийдэггүй юм бол.
Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Гүүд нэйборс ТББ болон Хүний эрхийн үндэсний комиссоос авсан тодруулгаа удахгүй хүргэх болно.