Тээврийн Цагдаагийн Албанаас маргааш буюу 11 дүгээр сарын 29-ний өдөр замын хөдөлгөөнд оролцогч хэн бүрийг дор бүрнээ замын хөдөлгөөнд соёлтой, дүрмийн дагуу оролцохыг уриалж “Хичээх өдөр’ арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү арга хэмжээг 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нэг өдөр л жолооч болон замын хөдөлгөөнд оролцогчид дүрмээ ягштал биелүүлсэн тохиолдолд олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохиролгүй элэг бүтэн амьдрах юм.
Тэгвэл “Хичээх өдөр’ арга хэмжээг тохиолдуулан маргааш буюу 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11.00 цагаас 10 минутын хугацаанд нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар болжээ. Энэ хугацаанд түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ хийх юм.
Манай улсад 1 хоногт зам тээврийн ослоор 15-20 хүн гэмтдэг. Нэг хоногт 1-2 хүн зам тээврийн ослоор амь насаараа хохирдог гэсэн статистик бий.