Өнгөрсөн амралтын өдрүүдэд Африкийн Ардчилсан Конго улсад хүчтэй усархаг аадар бороо орсны улмаас нийслэл Киншаса болон Нгалиема, Кисенсо, Энгабэ зэрэг хотуудад их хэмжээний хохирол учирлаа. Борооны улмаас хөрсний нуралт үүссэн нь хохиролын хэмжээ нэмэгдэхэд хүргэсэн байна. Гамшгийн улмаас хүний амь нас эрсдэж, олон тооны байшингууд усанд автаж, замууд эвдэрч, Киншаса хотын олон улсын нисэх онгоцны буудал руу нэвтрэх боломжгүй болжээ. Үерийн улмаас одоогоор 30 хүн амиа алдаж, 46 хүн бэртэж гэмтэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн 75 айл өрхийг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлжээ. Ийнхүү 12 сая гаруй оршин суугчтай Киншаса хотод борооны улиралд байнга үер болдог ч өнгөрөгч Бямба, Ням гаригт орсон бороо нь сүүлийн хоёр жилд болсон үерүүдтэй харьцуулахад илүү их хохирол дагуулжээ. Тухайлбал 2022 онд нийслэл Киншаса хотод үер болж 100 гаруй хүн амиа алдаж байжээ. Байгалийн асар их баялагтай мөртлөө ядууралд нэрвэгдсэн энэ улс нь үер усны болон далангийн системгүй байдал, сул хөрстэй зэрэг нь үерийн улмаас их хэмжээний хохирол учрахад хүргэдэг байна.
ЭХ СУРВАЛЖ: